Боловсрол
“Эрдэнэт” үйлдвэр байгуулагдаж зэс, молибдений орд газрыг эзэмших, үйлдвэр дагасан хот барихаар ЗХУ-аас ирсэн, барилгачид, мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор тэдний хүүхдүүдийг сурах нөхцөлийг хангаж 1974 онд орос сургуулийг, 1978 онд орос цэцэрлэгийг байгуулсан.
Түүнчлэн Уул, уурхайн нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх “Сургалтын төв”-ийг 1975 онд байгуулсан нь өнөөдөр уул уурхайн болон нийгмийн ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, “Эрдэнэт” үйлдвэрийн техник, технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, зураг төсөл, хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил эрхлэх үүрэг, зорилго бүхий “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэл”-ийн цогц үйл ажиллагаа бүхий “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болж өргөжсөн.
- Сургуулийн өмнөх боловсрол
- Ерөнхий боловсрол
- Дээд боловсрол
- Ахисан түвшний боловсрол
- Мэргэжлийн боловсрол
- Тасралтгүй боловсрол
- Эрдэм шинжилгээ, судалгаа
- 12 дугаар цэцэрлэгт 275 хүүхэд, 19 дүгээр дунд сургуульд 741 хүүхэд суралцаж, хүмүүжиж байна.
- “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь бакалаврын сургалтыг 16 хөтөлбөрөөр, магистрын сургалтыг ШУТИС-тай хамтран 10 хөтөлбөрөөр, ахлах сургуулийн 9-12 ангиудад үндэсний болон Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр явуулж, жилдээ 1000 гаруй оюутан, сурагчид суралцаж байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтнуудад зориулсан ХАБЭА, гадаад хэл, бизнес хөгжил, хүний хөгжлийн сургалтыг тасралтгүй явуулахын зэрэгцээ шинэ мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан, зорилтот, хос мэргэжил олгох сургалтад жилдээ 1000-1500 ажилтныг сургаж, 2023 оноос “Эрдэнэт Политехник” коллежид “Баяжуулалтын техникч”, “Цахилгааны техникч”, “Механик инженерийн техникч” мэргэжлүүдээр техникийн боловсрол олгох 3 жилийн сургалт, Коосэн коллежид “Механик инженерчлэл”, “Химийн инженерчлэл”, “Цахилгааны инженерчлэл” мэргэжлүүдээр дэд бакалаврын зэрэг олгох 5 жилийн сургалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран чадамж эзэмшүүлэх 3 сарын сургалтыг 7 мэргэжлээр, түр сургалтыг 10 гаруй мэргэжлээр тус тус амжилттай зохион байгуулж байна.
- 12 дугаар цэцэрлэг 23 үндсэн багштай, үүнээс 21 нь гадаадын мэргэжилтэн, 19 дүгээр дунд сургууль 38 багштай, үүнээс 29 нь гадаадын мэргэжилтэн, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль үндсэн болон гэрээт 100 гаруй багштай, үүнээс шинжлэх ухааны доктор (Sc.D) 4, доктор (Ph.D) 31, Монгол Улсын мэргэшсэн болон зөвлөх инженер 70 гаруй багш сургалтыг мэргэжлийн өндөр түвшинд явуулж байна.
- Сургалт, эрдэм шинжилгээний ажилд олон улсын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш, оюутан солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр ОХУ-ын Уралын уулын их сургууль, Уралын техникийн их сургууль, Эрхүүгийн Үндэсний судалгааны их сургууль, Улан-Үдийн инженер, багшийн сургууль, Японы Нагоягийн их сургууль, Акитагийн их сургууль, БНСУ-ын Конкук их сургууль, ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академи, БНХАУ-ын Шинжлэх ухааны академи, “BGRIMM” групп, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургууль, “Бүс ба зам олон улсын сургалт, судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллаж байна.