Ажилд авах бодлого
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын (цаашид “үйлдвэрийн газар” гэх) хүний нөөцийн бодлоготой уялдуулан хүний нөөцийг бүрдүүлэх, иргэнийг ажилд авахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд ил тод, нээлттэй, шударга байх, адил тэгш хандах, хууль, журамд нийцсэн, үндэслэл бүхий байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтална.
ХОЁР: ЖУРМЫН НЭР ТОМЬЁО
2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
2.1.1. “Хүний нөөцийн бодлого” гэж үйлдвэрийн газрын хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой өндөр ур чадвар, мэдлэгтэй, зөв хандлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, ажилд авах, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийг,
2.1.2. “сул орон тоо” гэж шинээр ажлын байр үүсэх, орон тоо батлагдах, ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах буюу дуусгавар болж орон тоо гарах, 6 сараас дээш хугацаатай түр ажлын байр гарах, улирлын чанартай ажлын байр гарахыг,
2.1.3. “хүний нөөц бүрдүүлэх” гэж байгууллагын одоогийн болон шинэ албан тушаалд ажилтан авах эх үүсвэрийг судлах, татах, үнэлэх болон авьяас чадвартай иргэнийг ажилд авах үйл явцыг,
2.1.4. “Бүртгэлийн дугаар” гэж ажилтанд анх ажилд ороход нь олгодог хувийн дугаарыг.
ГУРАВ. ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭЛБЭРҮҮД
3.1. Үйлдвэрийн газарт сул орон тоо гарсан тохиолдолд хүний нөөцийг дараах хэлбэрээр бүрдүүлнэ.
3.1.1. Хүний нөөцийн бодлогын дагуу ажил олгогчийн шийдвэрээр,
3.1.2. Сонгон шалгаруулалт зохион байгуулах замаар:
3.1.2.1. Үйлдвэрийн газрын ажилтнуудын дунд зохион байгуулах,
3.1.2.2. Ажлын байрны зарыг нээлттэй зарлаж, иргэнийг ажилд авах,
3.1.3. Хамтын гэрээний дагуу ажилд авах.
ДӨРӨВ. СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ, СУЛ ОРОН ТООНД ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАХ
4.1. Сул орон тоо гарсан өдөр гэдэгт үйлдвэрийн газарт шинээр орон тоо батлагдсан, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дуусгавар болгосон болон 6 сараас дээш хугацаагаар эзгүй байх ажилтны тушаал гарсан өдрийг тооцно.
4.2. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгж нь сул орон тоо гарсан ажлын байрны нэр, үндсэн, түр, түүний хугацаа зэргийг агуулсан сул орон тооны 7 хоног бүрийн мэдээг хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжид даваа гараг бүр хүргүүлнэ.
4.3. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж нь сул орон тооны судалгааг нэгтгэн ажлын 2 өдрийн дотор ажил олгогчид танилцуулах бөгөөд ажил олгогчтой зөвшилцөн хүний нөөцийг бүрдүүлэх хэлбэрийг сонгоно.
4.4. Хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд үйлдвэрийн газрын эдийн засгийн асуудал хариуцсан бүтцийн нэгжээр хянан баталгаажуулсан тухайн сул орон тооны ажлын байрны тодорхойлолт /АБТ/-ын эх хувийг хэрэглэнэ.
4.5. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж нь АБТ-д заасан тавигдах шаардлагыг үндэслэн ажил горилогчид тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулна.
4.6. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж хүний нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааг сул орон тоо гарсан өдрөөс хойш 1 сарын дотор зохион байгуулж дуусгана.
ТАВ. ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ДАГУУ АЖИЛ ОЛГОГЧИЙН ШИЙДВЭРЭЭР ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ
5.1. Хүний нөөцийн бодлогын дагуу ажил олгогчийн шийдвэрээр ажлын байрны шаардлагад нийцсэн тохиолдолд хүний нөөцийг бүрдүүлнэ. Үүнд:
5.1.1. Ажил олгогчийн санал болон зөвшөөрлөөр мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэг, туршлагатай эсвэл ховор, нарийн мэргэжил эзэмшсэн иргэнийг ажиллуулах,
5.1.2. Мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 90-ээс дээш оноотой амжилттай өгсөн ажилтан дэвшин, шилжин ажиллах өргөдөл гаргасан,
5.1.3. Технологийн сургуулийг онцлох дипломтой төгсөж, ажил олгогчоос батламж авсан,
5.1.4. Үйлдвэрийн газрын тэтгэлгээр гадаад, дотоодын их дээд сургуульд 3,5-аас дээш голч дүнтэй амжилттай суралцаж, гэрээний хугацаандаа ирсэн иргэн, ажилтан өргөдөл гаргасан.
ЗУРГАА. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ
6.1. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж нь сул орон тоог шаардлагатай мэргэжилтнээр хангах Ерөнхий захирлын зөвшөөрлийг үндэслэж ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт хийх тухай зарыг ажлын 3 өдрийн дотор үйлдвэрийн газрын мэдээллийн дотоод сүлжээнд болон бүтцийн нэгжийн мэдээллийн самбарт байршуулна. Бүртгэлийн хугацаа нь ажлын 5 өдрөөс доошгүй байна.
6.2. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж нь нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг www.erdenetmc.mn цахим хуудас болон шаардлагатай тохиолдолд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлын 3 өдрийн дотор байршуулна. Бүртгэлийн хугацаа нь ажлын 14 өдрөөс доошгүй байна.
6.3. Сонгон шалгаруулалтын зарлалд АБТ-д тавигдсан шаардлагаас өөр шаардлага, шалгуур нэмж тусгахыг хориглоно.
6.4. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлж, бүртгэлийн хугацаанд багтаан заасан хаягаар цаасан буюу цахим хэлбэрээр ирүүлнэ. Үүнд:
6.4.1. Анкет,
6.4.2. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6.4.3. Мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6.4.4. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
6.5. Энэхүү журмын 6.4-т заасан баримтаас бусад баримт шаардсан тохиолдолд зарлалд нийтлэх ба сонгон шалгаруулалтад тэнцээгүй иргэдийн баримт материалыг тухайн үед нь буцааж хүлээлгэн өгнө.
6.6. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж нь сонгон шалгаруулалтын онолын мэдлэгийн шалгалтын тестийн санг ажлын байр, ажлын байрны тодорхойлолт, мэргэжил, ур чадвар, мэргэжлийн зэрэгтэй нь уялдуулан боловсруулах, тогтмол баяжуулан шинэчлэх, тестийн цахим сонголт, нууцлалыг хамгаалах талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана.
6.7. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж нь Ерөнхий Захирлаас энэ журмын 4.3-т заасан зөвшөөрлийг өгсөн өдрөөс ажлын 10 өдрийн дотор сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг байгуулах тухай шийдвэр гаргах ажлыг зохион байгуулна.
6.8. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг Ерөнхий захирлын тушаал эсвэл чиглэл хариуцсан орлогч захирлын шийдвэрээр байгуулна.
6.9. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дараах төлөөлөл байна.Үүнд:
6.9.1. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн дарга, орлогч, албаны дарга, тэргүүлэх мэргэжилтэн, мэргэжилтэн,
6.9.2. Тухайн бүтцийн нэгжийн дарга, орлогч, ерөнхий инженер, хэсгийн дарга, анхан шатны удирдах ажилтан, инженер техникийн ажилтан, мэргэжилтэн,
6.9.3. Хуулийн хэлтсийн дарга, орлогч, тэргүүлэх хуульч, хуульч,
6.9.4. Мэргэжлийн чиглэл хариуцсан хэлтсийн дарга, орлогч дарга, ерөнхий мэргэжилтэн, мэргэжилтэн,
6.9.5. Бусад бүтцийн нэгжийн тус мэргэжлийн инженер техникийн ажилтан,
6.9.6. Шаардлагатай тохиолдолд гаднын мэргэжлийн байгууллагын төлөөлөл.
6.10. Сул ажлын байрны онцлог, нөхцөлийг тооцож, Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж нь сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тогтооно.
6.11. Ажлын хэсгийг 5-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
ДОЛОО. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
7.1. Сонгон шалгаруулалтыг тухайн сул орон тооны АБТ-д заасан тавигдах шаардлагын дагуу энэхүү журмын 1.2-т заасан зарчмыг баримтлан зохион байгуулна.
7.2. Сонгон шалгаруулалтын дараах үе шаттай зохион байгуулна. Үүнд:
7.2.1. Анкет, баримт бичгийн шалгаруулалт,
7.2.2. Онолын мэдлэг ба ур чадварын шалгаруулалт,
7.2.3. Ярилцлага, хандлагыг тодорхойлох үе шат,
7.2.4. Эрүүл мэндийн үзлэг.
7.3. Сонгон шалгаруулалтын шалгалт бүрийн шалгуур үзүүлэлт, үнэлгээ хийх аргачлалыг ажлын хэсэг эхний хурлаар нэг бүрчлэн тогтоож, хурлын тэмдэглэл үйлдэнэ.
7.4. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга тухай бүр хөтөлж, дарга, гишүүд хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулна.
7.5. Сонгон шалгаруулалтын анкет, баримт бичгийн шалгаруулалтын үе шатанд дараах ажлыг хийнэ.
7.5.1. Сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн баримт материалуудыг ажлын байрны тодорхойлолтын дагуу хянаж, ажлын байрны тодорхойлолтын шаардлагад тэнцсэн эсэхийг шалгана.
7.5.2. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт материалууд нь ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй оролцогчийг дараагийн шатны шалгаруулалтад оруулахаас татгалзаж, энэ тухай өөрт нь мэдэгдэнэ.
7.6. Сонгон шалгаруулалтын онолын мэдлэг ба ур чадварын шалгаруулалтын үе шатанд дараах ажлыг хийнэ.
7.6.1. Онолын мэдлэгийн шалгалтыг оновчтой аргыг хэрэглэж цахим болон цаасан хэлбэрээр зохион байгуулна.
7.6.2. Ур чадварын шалгалтад практик ажил, сорилын даалгавар гүйцэтгүүлэх, схем, зураг уншуулан тайлбарлуулах зэрэг аргыг хэрэглэнэ.
7.6.3. Онолын мэдлэгийн шалгалт ба ур чадварын шалгалтын дараалал, дараагийн шалгалтад орох болзол, хяналтын тоог сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ.
7.7. Сонгон шалгаруулалтын хандлага тодорхойлох ярилцлагын үе шатанд дараах ажлыг хийнэ.
7.7.1. Энэ шалгаруулалт нь ярилцлагын болон тестийн хэлбэрээр тухайн ажлын байранд тавигдах бусад шаардлагад нийцэх эсэх, ажил мэргэжлийн туршлага, бүтээл, сонирхол, харилцаа хандлага зэргийг тодорхой үзүүлэлтүүдээр оноогоор дүгнэнэ.
7.8. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг шалгалт бүрийн болон нэгдсэн үнэлгээ, онооны нийт дүн, шалгалт өгсөн материал зэргийг шалгаруулалтад оролцогчдод танилцуулж, хурлын тэмдэглэл үйлдэж оролцогчдоос санал гомдлыг асууж тухай бүрд нь үндэслэлтэй шийдвэрлэнэ.
7.9. Сонгон шалгаруулалтын бүх үе шатны шалгаруулалтын үнэлгээг нэгтгэн гаргаж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг шалгаруулна.
7.10. Сонгон шалгаруулалтын нийлбэр дүн гарахад хамгийн өндөр оноо авсан оролцогчдын оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт шалгалт авч уг асуудлыг шийдвэрлэнэ.
НАЙМ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮНГ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
8.1. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, шийдвэр, бүтцийн нэгжийн удирдлагын албан бичиг, бусад холбогдох материал, эрүүл мэндийн үзлэгийн баримт зэргийг сонгон шалгаруулалт дууссан өдрөөс ажлын 3 хүртэл өдрийн дотор ажил олгогчид хүргүүлнэ.
8.2. Ажил олгогч нь сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, шийдвэр, бүтцийн нэгжийн удирдлагын албан бичиг, бусад холбогдох материал, эрүүл мэндийн үзлэгийн баримт зэргийг хүлээж авч танилцаад тушаал гаргах зөвшөөрлийг ажлын 5 хүртэл өдрийн дотор олгоно.
8.3. Эрүүл мэндийн үзлэгээр тэнцээгүй иргэнийг ажилд авахыг хориглоно.
8.4. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн удирдлага нь ажил олгогчоос ирсэн зөвшөөрлийн дагуу холбогдох тушаал гаргах үйл ажиллагааг ажлын 5 хүртэл өдрийн дотор зохион байгуулна.
8.5. Хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж нь иргэнийг ажилд авах тухай тушаалыг туршилтын 3 сарын хугацаатай гаргуулах ба хөдөлмөрийн гэрээ нь туршилтын 3 сарын хугацаатай байна.
8.6. Туршилтын 3 сарын хугацааны дараа хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж, мэргэжлийн удирдлагын бүтцийн нэгжийн төлөөллийг оролцуулсан шалгалтын ажлын хэсэг үндсэн ажилтнаар ажиллах шаардлага хангасан эсэхийг тодорхойлох зорилгоор мэдлэг, чадвар, хандлагын шалгалт, санал асуулгыг зохион байгуулж, дүгнэлт гаргана.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ
- Тухайн зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлагад тэнцсэн иргэдийн анкетийг хүлээн авна.
- Анкетыг бөглөхдөө бүх мэдээллийг товч тодорхой оруулж, үг товчлохгүй байх шаардлагатай.
- Анкетанд цээж зургийг /сүүлийн 3 сарын байдлаар/ заавал оруулсан байна.
- Анкетийн техтын фонд Тimes New Roman, хэмжээ 12pt байна.
- Үйлдвэрийн газар ажил горилогчийн анкетийг хүлээн авснаар ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй.
- Цахим хуудсаар анкет явуулсан тохиолдолд хүлээн авсан тухай мэдээлэл бүртгэл амжилттай хийгдсэний дараа гарна.
- Сонгон шалгаруулалтаас хоцорсон болон заагдсан бичиг баримт дутуу иргэдийг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.
- Үйлдвэрийн газрын цех, нэгжид ажиллаж байгаад эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, гэм буруутай үйлдэл гаргасан болон сахилгын зөрчлийн улмаас (Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 131.1.3 заалтаар) ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтныг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар
2. Анкет бөглөх (ЭНД ДАРЖ татаж авна уу)
3. Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
* Сонгон шалгаруулалтад оролцохдоо бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ. Тухайлбал: иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх.
* Анкет болон бүрдүүлж өгсөн материалуудыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.