Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right БоловсролУр чадварын уралдаанд 22 үйлчилгээний ажилтан оролцож байна
Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны баярын 88 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран үйлчилгээний ажилтны ур чадварын уралдаан зохион байгуулж байна. Ажлын чанарыг сайжруулж, үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, ур чадварын зэрэг олгох энэхүү ажил мэргэжлийн уралдаанд нийгмийн цехийн 22 үйлчлэгч оролцож байгаагаараа онцлог юм. Шүүгчид онолын шалгалт, стандарт ажил, хувийг бэлтгэл, соёл гэсэн үзүүлэлтээр уралдааныг дүгнэх юм. 2017 онд зохион байгуулсан тус уралдаанд 10-аад үйлчлэгч оролцож, 3-4 үйлчлэгч зэргийн болзол хангажээ.
Засгийн газрын ордны дэргэдэх Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын сургагч багш, шүүгч Б.Соёлмаа уралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа “Манай байгууллага 21 аймаг, Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний байгууллагуудад сургалт явуулж байна. Төрийн байгууллагууд эхний 2 жилдээ сургалт авч, 3 дахь жилээс ажилтнаа зэрэгтэй болгох тал дээр илүүтэй анхаардаг болсон. Эрдэнэт үйлдвэртэй хамтран 2 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа зохион байгууллаа. Тухайн үйлчлэгч ажил мэргэжлийн зэрэгтэй болсноор цалингаа нэмүүлэх, ажлын ур чадвараа дээшлүүлэх, үнэлгээгээ ахиулах давуу талтай” гэв.
2018 оны 11 дүгээр сард батлагдсан Засгийн газрын тогтоолд 1-3 дугаар зэрэгтэй үйлчилгээний ажилчдад цалингийн 10-20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгох тухай заажээ. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан үйлчилгээний ажилчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх боломжтой болж байна. Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа “Уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн шилдэг үйлчлэгч нар оролцож байгаа гэж ойлгож болно. Бид уралдааныг шударга болгох үүднээс гадны шүүгчдээр дүгнүүлж байна. Мэргэжлийн зэрэг нь үйлчилгээний ажилтны өндөр ур чадвартайг илтгэхээс гадна ажиллах урам зоригийг нь сэргээж өгдөг ач холбогдолтой” хэмээн ярьлаа.
Уралдааны шүүгчээр Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Энхтөр, сургагч багш Г.Одгэрэл, Б.Соёлмаа нар ажиллаж байна.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх