Мэдээ мэдээлэл

“Артек” зуслан Олон улсын туршлагаа хуваалцана

access_time 2019-07-17

   Олон улсын хүүхдийн төв “Артек” зуслангийн төлөөллүүд Орхон аймагт айлчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо. “Найрамдлын Эрдэнэс” зусланг үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 40 жилийн тэртээ барьж байгуулсан бол өдгөө хүчин чадлаараа Монгол улсын хэмжээнд хоёрт эрэмбэлэгдэх томоохон цогцолбор болоод байгаа юм.
   “Артек” зуслангийн Тэргүүн дэд захирал Виктория Витальевна Королёва, ерөнхий эмч Олег Георгиевич Паррёнов нарыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр хүлээн авч уулзан, санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.     
   “Монголын багачууд” Төрийн бус байгууллага хоёр жилийн өмнөөс олон улсын туршлагаас хуваалцаж, хүүхдийн зусланг хөгжүүлэхэд сургалт, арга зүйн зөвлөгөө авах зорилгоор “Артек” зуслантай хамтран ажиллаж эхэлжээ. Уулзалтын үеэр “Бид Артек явна” уралдаанд шалгарсан Орхон аймгийн Орос 19 дүгээр сургуулийн авьяаслаг таван сурагчийн хэлний мэдлэг өндөр түвшинд байсныг зочид онцлоод, Монголын хүүхэд багачуудыг хүлээн авахдаа хэзээд таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Өнгөрсөн онд Монголоос 64 хүүхэд “Артек” зуслангийн хөтөлбөрт хамрагдаж, 21 хоног амарчээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх