Мэдээ мэдээлэл

Орос багш нар сурагчдынхаа хамтаар баяраа тэмдэглэлээ

access_time 2019-10-04

   Эрдэнэт үйлдвэрийн Орос 19 дүгээр сургуулийн багш нарын хувьд энэ өдөр онцгой. Дэлхийн багш нарын баяр, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан орос сургуулийн сурагчид сурсан мэдсэнээ тайлагнаж, багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Ерөнхий захиргааны гадаад мэргэжилтний асуудал хариуцсан туслах Холоденко Ю.Г тэргүүтэй бусад албаныхан оролцож, багш нарт баяр хүргэсэн юм. Хүүхдүүдийн нижигнэсэн алга ташилт дунд шагналаа авч, нүүр дүүрэн мишээх багш нарын царай цаанаа л нэг жаргалтай. ОХУ-д суралцах хүсэл эрмэлзэлтэй олон мянган хүүхдийн итгэлийн оч болсон энэ сургуулийг Эрдэнэт үйлдвэр орос ах нарын үед байгуулсан. Орос хэл дээр үндсэн хичээл нь явагддаг тус сургуулийн 1-11 дүгээр ангид энэ хичээлийн жилд 498 хүүхэд суралцаж, 37 багш ажиллаж байна. Хүүхдэд эх оронч үзэл төлөвшүүлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэлд сургах, нөхөрсөг, нийтэч, нээлттэй харилцааг эрхэмлэх гээд сургалтын олон хөтөлбөр тус сургуульд бий. Дуу хуур, бүжиг наадмаар чимсэн энэ өдрийн үйл ажиллагаа багш нарын сэтгэлд нийцсэн бололтой, хүүхдүүдээ өхөөрдөж харагдсан.
 

   
 

   

 

   

 

   

 

   Англи, герман хэлний багш Серова Валентина Алексеевна Орос сургуульд 23 дахь жилдээ багшилж байна. Тэрээр ОХУ-ын их, дээд сургуульд урилгаар суралцах эрх авсан шавь нараа өнгөрсөн хавар төгсгөжээ. Баярын энэ өдөр түүнтэй ярилцаж суухад Эрдэнэт хотын төлөө хийсэн бүхэнд нь баярлаж, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. “Орос, Монгол ялгаагүй л миний хүүхэд. Тэд зөв хүн болж төлөвших ёстой” хэмээн инээмсэглэл тодруулах багшийн яриаг сийрүүлэн хүргэе. 

 

Англи-герман хэлний багш СЕРОВА ВАЛЕНТИНА АЛЕКСЕЕВНА: Би өдөр бүр ажилдаа аз жаргалтайгаар алхдаг

 

 

   - Юуны өмнө танд Дэлхийн Багш нарын өдрийн мэндийг хүргэе. Ах дүүгийн найрамдалт хотод багшлахаар ирж байсан үеэ эргэн дурсахгүй юу?
   - Миний хань Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар болж, 1996 оны 8 дугаар сарын 6-нд гэр бүлээрээ ирж байлаа. Манайх хоёр хүүтэй. Нэг нь 2 дугаар анги, нөгөө нь 6 дугаар ангид орох жилээ Эрдэнэтэд ирсэн байдаг юм. Тухайн үед манай сургууль 1000 гаруй суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг байсан. Ирсэн жилдээ 5В ангийн анги даасан багшаар ажиллаж, 2003 онд төгсгөсөн. Дараа нь 5Б ангийг 2011 онд, өнгөрсөн хавар 11А ангийг тус тус төгсгөлөө. Өнгөрсөн хавөр төгссөн 16 суралцагчаас 14 нь ОХУ-ын анагаах, уул уурхайн шилдэг сургууль болох Москва, Санктпетербургийн их сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийн батламж авч, нэг шавь маань Шанхайд суралцаж байна. Анхны шавь нарын маань нэг уул уурхайн сургууль төгсөж ирээд Эрдэнэт үйлдвэртээ ажиллаж байгааг харахад сайхан санагддаг. Бид ч ОХУ-ын шилдэг сургуулиудад хүүхдүүдээ сургаж, төгсөж ирээд Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг. Манай хүүхдүүд ОХУ-аас олгож байгаа мэдлэг боловсролыг хамгийн шилдэг нь гэж үздэг учраас сургуулиа сайн төгсөх, их дээд сургуульд урилгаар суралцах, хамгийн сайн мэргэжлүүдийг сонгож эзэмших зорилго, хүсэл тэмүүлэлтэй. 

    - Хичээлээс гадуур ямар ажлууд зохион байгуулдаг вэ?
   - 11А ангийнхантайгаа экологийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийж, гялгар уутнаас татгалзах, ус, цахилгаанаа хэмнэх хүрээнд чамгүй олон ажил өрнүүлсэн. Мөн монгол гэр бол хамгийн эко орчинтой сууц гэдгийг хүүхдүүдэд таниулах ажлыг зохион байгуулж, жил бүр мод тарьж, байгаль дэлхийдээ хөрөнгө оруулалт хийлээ. Шинэ суралцагчиддаа эв найрамдал, хүн чанарын тухай сургаж, Монгол Улсын зөв иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилгоо өмнөө тавьж, сурган хүмүүжүүлэх болно. Энэ жилдээ амарч байна. Төгссөн ангийнхандаа төрүүлсэн хүүхэд шигээ их дасчээ. Одоо ч тэд маань дэргэд байх шиг санагддаг.

    - Боловсролын системийн талаар та юу хэлэх вэ?
  - Миний бодлоор том ялгаа байхгүй. Багш бүхэн хүүхдийг сургах нэг л зорилготой. Тиймээс өглөө бүр суралцах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх гурван зорилго өмнөө тавьж, ангийнхаа босгоор алхдаг байгаасай.

    - 20 гаруй жил амьдарсан Эрдэнэт хотоо зүрх сэтгэлдээ хэрхэн багтаадаг вэ? Төрөлх нутгаа санаж байна уу? 
   - Монгол бол миний хоёр дахь гэр. Эрдэнэт бол миний хот. Энэ хотод хүүхдүүд маань өсөж торнин, сургуулиа төгссөн. 1996 онд ОХУ-д байдал хүнд байлаа. Тухайн үед Монгол-Оросын хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэр байгуулагдан, Эрдэнэт хот сүндэрлэн боссон юм. Биднийг найрсаг, халуун дотноор угтан авсан тэр өдрөөс хойш Эрдэнэтдээ тайван амгалан ажиллаж, амьдарч явна. Миний дотны найзууд, хэлний багш нар энэ хотод олон бий. Би өдөр бүр ажилдаа аз жаргалтайгаар алхдаг. Энэ хотдоо их дасчээ. Эрдэнэт хотын бүх хүмүүст, тэр дундаа миний ангид хүүхдээ оруулсан эцэг эхчүүддээ баярлаж байна. Хэцүү ч бай, жаргалтай ч бай дэргэд минь хамт байж, тусалж дэмжсэн та нарыгаа хэзээ ч мартахгүй.

   - Орос сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх талаар Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр маань хамтран судалж байна. Олон жил ажилласан багшийн хувьд юу хийхийг хүсэж мөрөөдөж байна вэ?
    - Үнэхээр сайхан мэдээ байна. Олон хүүхэд манай сургуульд суралцахыг хүсдэг ч боломж нь гарахгүй л байна. Сургууль, цэцэрлэг нэмэгдэх нь боловсролын салбарт маш том дэмжлэг байх болно.  Орос, Монгол хоёр орон түүхээрээ ч их холбоотой. Найрамдалт харилцаа маань тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

   - Баярын энэ өдөр хамт олондоо чин сэтгэлийн үгээ илгээнэ үү?
   - Хамт олондоо төдийгүй Эрдэнэт хотынхоо бүх багш нарт баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Багш нарын ажил сайнаар үнэлэгдэж, өндөр цалин авдаг байгаасай. Хүүхдүүддээ хандаж хэлэхэд, сайн сурч, багшийгаа баярлуулаарай гэж захья. 
   
   - Баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье. 

 

 

 

 

 

 

Сурвалжилсан И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл үлдээх