Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right БоловсролЭрдэнэт үйлдвэрийн 22 залуу ажилтан ОХУ-д суралцана
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн менежментийн бодлого, түүний дотор ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд 22 залуу инженер техникийн ажилтнууд ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах болжээ. Уурхайчдынхаа дундаас ажил үйлс, мэргэжлийн ур чадвараараа манлайлж, Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр ОХУ-д суралцахаар шалгарсан залуу ажилтнуудтай Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр уулзаж, баяр хүргэв. Тус үйлдвэрийн ажилтнуудаа гадаадад сургаж, мэргэжил эзэмшүүлэх бодлого сүүлийн жилүүдэд зогсонги байдалд байсныг энэ жилээс Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар сэргээж, ОХУ-д залуу инженерүүдээ сургаж бэлтгэх, ахисан түвшний сургалтанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа сургалтын төлбөр болон сурч буй хугацааны тэтгэлэгийг олгох юм.
Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын эгнээнээс ОХУ-ын уул уурхайн томоохон сургуулиадад мэргэжил эзэмших болсон нь залуу инженерүүдэд маш том оюуны хөрөнгө оруулалт болж буй. Энэ боломж та бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг авч явах түлхүүр ажилтнууд, манлайлагчид болох том үүд хаалгыг нээж байгаа гэдэгт итгэлтэй байна. ОХУ-д суралцуулах сонгон шалгаруулалт үйлдвэрийн цех нэгжүүд дээр зохион байгуулагдаж, тухайн цехийн ажилтнууд дотроос ажил мэргэжил, авьяас чадвар, хандлага зэрэг олон үзүүлэлтээр сонгосон. Ингээд үйлдвэрийн захиргаанаас өгч буй энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, илүү чадварлаг, зөв хандлагатай, Эрдэнэт үйлдвэртээ хэрэгтэй сайн мэргэжилтнүүд болж ирэхийг хүсье” гэсэн юм.
Уулзалтанд Авто тээврийн цехийн дарга Д.Мөнхбаатар, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж нарын зарим цех нэгжийн удирдлага оролцов. Цахилгааны цехээс энэ жил 4 залуу инженер ОХУд суралцахаар шалгарчээ. Энэ талаар цехийн дарга Д.Даваадорж “Манай цех нийт 131 ажилтантай. Тэдний 95 хувь нь дээд боловсролтой, нэг Оросын мэргэжилтэн ажиллаж байна. Манай 4 инженер нарийн мэргэжлээр суралцаж, бэлтгэгдэнэ. Сүүлийн үед орчин үеийн шинэ дэвшилтэд техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтэрч байна. Үүнийг дагаад чадварлаг, нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага бас нэмэгдсэн. Энэ үүднээс бид ажилтнуудынхаа сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Нэг жилд манай цех сургалтын зардалдаа 40 сая төгрөг төлөвлөдөг ч төдийлэн хүрэлцдэггүй. Харин энэ жил үйлдвэрийн удирдлага, Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас дэмжиж, манай ажилтнуудыг сонгон суралцуулах болсонд талархаж байна. 2014 онд манай цехээс 4 ажилтан ОХУ-ын Уралын их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд, одоо мэргэжлээр өсөж, тодорхой албан тушаал эрхлэн амжилттай ажиллаж байна. Ийм учраас одоо суралцахаар явж буй залуус та бүхэнд том боломж нээгдлээ. Сайн сурч, ихийг мэдэж ирээд үйлдвэртээ тогтвортой, манлайлж ажиллаарай” гэж онцлов.
Харин ОХУ-д суралцах ажилтнуудын төлөөлөл, ЗМЗ-ын Хэвний хэсгийн суурь машины операторч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 60 хувийг залуучууд эзэлж буй тоон мэдээлэл байдаг. Эдгээр залуу ажилтнаа төлөөлөн ОХУ-д мэргэжил эзэмших болсондоо баяртай байна. Ажилтнуудаа бодлогоор дэмжин, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй үйлдвэрийнхээ бүх шатны удирдлага, холбогдох газар хэлтсийнхэнд талархаж буйгаа илэрхийлье. Бид өөрсдөө идэвх чармайлт гарган суралцаж, Эрдэнэт үйлдвэр ,Эрдэнэт хот цаашлаад Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ болж ажиллах зорилго, бас хариуцлага ирлээ гэж ойлгож байна. Бидний гарт атгуулсан энэ том боломж, итгэлийг алдаж болохгүй, хичээн суралцая гэж хамт явах нийт залуустаа уриалмаар байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Орост суралцахаар мордох залуустаа хандаж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн амжилт хүслээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрээ он удаан жил, амжилт бүтээл арвинтай ажиллуулахыг цаг ямагт хүсдэг. Тэр ч утгаараа сүүлийн 3 жил геологи хайгуулын ажилд онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд багаар бодоход 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Товчхондоо 40 жилийн түүхтэй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 60 жилийн ирээдүй байна гэж тодорхойлж болох юм. Та бид нэг баг болж ажиллаж байгаа учраас үйлдвэрийнхээ хэтийн төлөвийг мэдэж байгаа. Бид дараагийн 15 жилд үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд стратегийн 6 том төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Манай залуучууд суралцах зорилгоо сайн ухамсарлаж байгаа юм байна. Олон ажилтнууд дундаас шалгаран, мэргэжил эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх энэ боломжийг та нар маань өөрсдөө олж авч байна гэж хэлбэл амьдралд илүү нийцнэ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс үнэхээр сайн ажиллаж, илүү сэтгэж байгаа, үр дүнд хүрэхийн төлөө хичээж буй ажилтнуудаа дэмжинэ. Ингэж тал талаасаа санаа оноо нийлбэл, сайхан шийдэлд хүрч болдог.
Ирээдүйгээ улам сайхан, тод томруун, ойлгомжтой болгох гэж, өөрсдийгөө болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө та нар маань суралцах юм. Цаашлаад үйлдвэр, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулж, хувь нэмрээ оруулахын төлөө мэдлэг боловсролоо дээшлүүлж байна гэж ойлгох ёстой. Ийм сайхан бахархалтай торгон агшнаа хамтдаа хуваалцаж байгаа залуу ажилтнууд та нартаа баяр хүргэж, амжилт хүсье. Та нарын мэдлэг ур чадвар дээшлэх тусам ажиллах боломж тань нэмэгдэнэ. Илүү цар хүрээтэй, далайцтай ажиллана. Энэ боломжийг зөв ашиглаж, бидний хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийг үр дүнтэй, зөв бодлого гэдгийг та нар баталгаажуулах ёстой” гэж итгэл найдвар, захиа даалгавар өгч буйгаа илэрхийллээ.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Сэтгэгдэл үлдээх