Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Соёл амралтАяны үр дүнд хамтач уур амьсгал бүрджээ
Тээвэр ложистикийн алба ажиллагчдаа эрүүл амьдралын хэв маягт суралцуулах, биеийн тамир спортоор хичээллүүлэх, хамт олны эв нэгдлийг сайжруулах зорилгоор зарласан зургаан сарын аянаа дүгнэв. Аяны хүрээнд зохиогдсон тэмцээнүүдийн дүнгээр цехийн дарга С.Мөнхтэгш ахлагчтай баг түрүүлж, идэвхтэй оролцсон 12 гишүүн ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Байгал далайн чиглэлд аялжээ. ХАБЭА-н инженер Д.Энхбаатар ахлагчтай баг дэд байрт шалгаран Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхов. Ажиллагчдаа нас, хүйс, ажил мэргэжил харгалзахгүйгээр зургаан багт хувааж, усанд сэлэлт, хийн буудлага, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, чанга шивнээ, оддын зураг тайлбарлах тэмцээн явуулжээ. Түүнчлэн илүүдэл жин бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэн, бүтэн сарын турш тэд ажилдаа явганаар ирж, өөртөө тохирох спортын төрлөөр хичээллэв. ОХУ-д аялсан багийг ахалсан Замын мастер О.Буянхишиг: “Бидний аялал 6 хоног үргэлжилсэн, Орос улсын хөгжил, цэцэглэлттэй танилцаж, байгалийн сайхнаар аяллаа. Хоёр цех нэгдээд багагүй хугацаа өнгөрсөн ч, ажиллагчид бие биенээ сайн таньж мэдэхгүй, халуун дулаан уур амьсгал бүрдэхгүй байлаа. Аян өрнүүлснээр манайхан хамт олонч уур амьсгалтай, зөв дадал хэвшилтэй болсон, эрүүл зөв аргаар илүүдэл жингээ бууруулсан, би л гэхэд 8 кг илүүдэл жингээ хаясан. Бас ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлсөн. Энэ сайхан аяныг санаачилсан нөхөд, дэмжсэн удирдлага, идэвхтэй оролцсон хамт олондоо баярлалаа. Биднийг урамшуулан аялах боломж олгосон Үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагууддаа баярлалаа” гэв.
Я.Энхтуяа
Сэтгэгдэл үлдээх