Мэдээ мэдээлэл

Волейбол нь спорт, шинжлэх ухаан, урлаг юм

access_time 2019-11-08
label Спорт

Монголын волейболын холбооны дэд Ерөнхийлөгч, Эрчис тал багийн эзэн Төгсмандалын Тогтохбаяртай Монголын Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ярилцлаа.

   - Монголын Үндэсний волейболын аварга шалгаруулах тэмцээний нээлт анх удаа хөдөө орон нутагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанаас ямар сэтгэгдэл төрөв?
   - Эрдэнэт үйлдвэр их спортыг тогтмол дэмждэг нийгмийн хариуцлагатай хамт олон. Энэ жилийн Үндэсний лигийн аваргын тэмцээнийг ивээн тэтгэж оролцож байгаа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хувиасаа болон Холбооныхоо нэрийн өмнөөс маш их баярлаж байгаагаа дамжуулъя. Урд нь тэмцээний нээлт ийм сайхан болж байсангүй. Ахмадууд, залуучууд бүгд л ярьж байна. Нээлтийн үйл ажиллагаанд ахмадуудаа бүгдийг нь урьж оролцуулсан. Манай холбооноос бүх зардлыг нь дааж авчирлаа. Тэмцээний нээлтийг ийм сайхан хийсэн болохоор тэмцээний хаалтаа, нээлтээсээ дутахааргүй л хийе гэж бодож байна даа.

   - Сүүлийн найман жил тасалдаад байсан Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг сэргээлээ. Найман жил тасалдсан шалтгаан юу байв?
   - Монголын волейболын холбоо өнгөрсөн зургаан сараас эхлэн шинэчлэгдсэн бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн. Ингээд бид Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар ярилцаж, тэмцээнд оролцох багийн тоог нэмэгдүүлэхэд их анхаарсан. Өнөөдөр долоон эрэгтэй баг оролцож байгаа нь түүхэнд байгаагүй олон эрэгтэй баг оролцож байгаа юм. Түүнчлэн энэ жил лигийн аваргад оролцож байгаа багуудын таксыг арван сая болгож, төлбөрийнхөө 80 хувийг шагналын санд зарцуулж байгаад багууд ихэд талархаж байгаа. Багийн үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд шагналын санг өндөр болгосон. Үлдсэн хорин хувиар нь тэмцээн зохион байгуулахад яагаад ч хүрэлцэхгүй байсан. Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэсэнд үнэхээрийн их баяртай байна.

   - Монголын волейболын холбооны ойрын төлөвөөс та мэдээлэл өгөөч?
   - Монголын волейболын холбоог залуу үе ажиллуулж байна. Бид ярилцаад дөрвөн том зорилт тавьсан. Хамгийн түрүүнд бид Улаанбаатар хотод Монголын волейболын холбооны заалтай болохоор газраа аваад байна. Алдар спорт хорооны ард талд газраа авсан. 2021 онд хүлээж авахаар төлөвлөсөн. Өнөөдөр манай улсад Волейболын Үндэсний шигшээ баг байхгүй болсон, энэ маш эмгэнэлтэй. Гадаадын тэмцээн уралдаанд аль нэг клубийг явуулж байна. Энэ асуудлыг цэгцэлж Улсын шигшээ багтай болохоор ажиллаж байна. Мөн Монголын волейболын холбооны тамирчдын бүртгэлтэй болгох асуудлыг эхлүүлээд байна даа.

   - Волейболын спортоор хичээллэдэг хэчнээн хүмүүс байдаг вэ? Танай холбооноос гаргасан судалгаа байдаг уу?
   - Ер нь цөөхөн шүү. Лигийн аварга шалгаруулах тэмцээнд гэхэд л 30,40 тамирчин байна уу, бараг хүрэхгүй. Иймээс бид волейболыг олон нийтэд сурталчлах хөтөлбөр боловсруулан, волейболын хөгжлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Залуучуудыг волейболын спортод дуртай, сонирхолтой болгох нь л чухал байна. Лигийн тэмцээнийг сайн зохион байгуулж байж бид Үндэсний шигшээ багаа бүрдүүлнэ.

   - Та волейболын спортоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?
   - Би арван жилийн сургуулийн хүү байхаас л волейболын спортоор хичээллэж, шигшээ багийн тамирчин байлаа. Манай багш солгой Дангаа гэж их сайн багш байлаа. 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл волейболын спорттой холбоотой явна даа. Эрчис тал баг маань ахмадын баг. Бид олон амжилт гаргаж таван жилийн ойн баяраа тэмдэглэсэн.

   - Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?
   - Аливаа нэгэн спортод санхүү хэрэгтэй. Санхүүтэй байж бид илүү хөгжүүлнэ. Энэ удаагийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд сэтгэл гаргаж, ивээн тэтгэн оролцож байгаа уурхайчдадаа, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн танд баярлаж талархсанаа л дахин хэлмээр байна.

   - Волейболыг та цөөн үгээр хэрхэн илэрхийлэх вэ?
   - Би шатар их тоглодог. Шатрын дэд мастер. Шатар нь спорт, шинжлэх ухаан, урлаг гурвын нийлбэр гэлцдэг. Тэгвэл волейбол яг шатар шиг. Спорт, урлаг, шинжлэх ухаан. Волейболыг урлагжуулж, судлах ёстой спорт гэж боддог.

 

 

Ярилцсан А.Бямбамаа

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх