Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right СпортЗ.Цэнд-Аюуш: Түрүүлэхийн төлөө хичээж тоглоно
Монголын Волейболын Үндэсний дээд лигийн 2-р тойргийн тэмцээнд “Эрчим”, “Булган” багийн эрэгтэй тамирчид өрсөлдөж, Эрчим баг 3:0 харьцаатай хожив. Тоглолтын дараа “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” клубийн багийн ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуштай уулзаж ярилцлаа.
- Юуны өмнө өрсөлдөгчөө илт давуу тоглолтоор буулган авсан танай багт баяр хүргэе.
- Баярлалаа.
- “Булган” багтай тоглох гол тактик юу байв?
- Анхнаасаа л давуулалтаа чангалж, эсрэг багийн нэгдүгээр дамжуулалтыг сарниулж, “нам”-ын довтолгоогүй болгож, өндрийн довтолгоон дээр төвлөрсөн хаалтууд тавья гэж төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу тоглож өрсөлдөгчөө хожлоо.
- Танайхны хүчтэй довтолгоо эсрэг багийн тамирчдыг хүнд байдалд оруулж байсан. Хүчтэй довтолж бөмбөгийг өөртөө шилжүүлэх үед танд юу бодогддог вэ?
- Ер нь оноо салгасны дараа багаа хожилд хүргэхэд нэг алхам ойртууллаа гэж баярладаг. Энэ үед дамжуулагч, холбогч нартаа урмын үг хэлдэг.
- Танай багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
- Манай мөнхийн хүчтэй өрсөлдөгч бол “Хасу Мегастарс”. Тэмцээн болгонд өгөө аваатай хождог, үе тэнгийн залуус байдаг.
- Гол өрсөлдөгчтэйгээ хэрхэн тоглохоор төлөвлөж байна?
- Волейболын спортын хамгийн чухал зүйл давуулалт байдаг. Давуулалтаа чангалсан тохиолдолд “айлын” довтолгоо сарнидаг. Давуулалтаа чангалаад хаалтаа зөв тавьж л тоглоно доо.
- Энэ жилийн “Үндэсний лиг”-т ямар амжилт гаргах зорилготой вэ?
- Түрүүлэх зорилго тавьсан. Эхний тойрогт 2-оор гарсан. Ер нь тэргүүн байрт өрсөлдөх багуудын тоонд орсон яваа. Бид зорилгынхоо төлөө хичээж тоглоно.
- Танай багийн онцлог?
- Монголын хамгийн шилдэгт тооцогддог довтлогч тамирчид манайд байдаг. Манай багийн тоглогчдын довтолгоо өрсөлдөгч багуудын хамгаалагчдын толгойн өвчин болдог болов уу.
- Танай легионер тамирчны довтолгоо ч бас хүчтэй байсан ?
- Нэгдүгээр тойргийн эхний тоглолтуудад легионер тамирчинтайгаа сайн ойлголцохгүй байсан. 2-р тойрогтоо маш сайн ойлголцож, яг нэг баг болж чадсан.
- Багийн амжилтад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл юу вэ?
- Манай багт Олон улсын хэмжээний мастер Отгонтөгс, Мөнх-Оргил гэж их туршлагатай тамирчид бий. Тэд багийг нэгдмэл бас амжилттай байхад ихээхэн нөлөөлдөг. Эгзэгтэй үед чухал зөвлөгөөг тэд маань л өгдөг.
Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл үлдээх