Мэдээ мэдээлэл

ОУХМ Д.ЦАГААН-ЭРДЭНЭ: Эрдэнэт бол волейболын спорт дээд зэргээр хөгжсөн хот

access_time 2019-11-13
label Спорт

   Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга, Монгол Улсын гавьяат уурхайчин, волейболын спортын ОУХМ Д.Цагаан-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

 


   - Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн Эрдэнэтэд явагдаж байна. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу? 

   - “Эрдэнэт” нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэрийн хувьд спортыг байнга дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ удаа Эрдэнэт үйлдвэр Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Волейболын лигийн тэмцээнийг хүмүүс хамгийн их үздэг байсан. 2012 оноос хойш волейболын лигийн тэмцээн завсарласан. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан байдаг. Энэ хүн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд уг тэмцээнийг дахин сэргээн, удирдан зохион байгуулсанд баяртай байна. Эрдэнэт хот, үйлдвэрийн баг, Монголын волейболын холбооны таван удаагийн аварга, залуучууд, идэрчүүдийн Улсын аваргын тэмцээнд зургаан удаа түрүүлж дээд амжилт тогтоосон.  Бидний энэ буухиаг үргэлжлүүлж Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багийн найм дахь үеийн тамирчид тус тэмцээнд оролцож байгаад сэтгэл өег явна. 


   - Таныг нэгэн үед Ховдын, Эрдэнэтийн Цагаанаа хэмээн волейбол сонирхогчид нэрлэж явсан юм билээ. Хэзээнээс та волейболын спортыг сонирхож эхэлсэн бэ?

   - 1971 онд би Ховд аймгийн улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн юм. Аймгийн “Шонхор” цол аваад нэлээн урамшсан. Ер нь бөх болох мөрөөдөл тээж явлаа. Монгол улсын арслан Шаравын Ванчинхүү миний нагац. Аав маань аймгийн заан цолтой хүн байлаа. 1971 онд Монгол улсын волейболын үндэсний шигшээ баг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод тарсан байдаг. Тэгэхэд волейболын спортын үндэсний  шигшээ багийн гишүүн А.Кингисхан багш Ховд аймагт ирж ажиллаж амьдарсан юм. Энэ хүний тоглолтыг биширснээр эчнээ шавь нь болж, бөхөө орхиод эргэлт буцалтгүй волейболын тамирчин болохыг мөрөөдөж эхэлсэн. ОУХМ А.Кингисханы тоглолтын өвөрмөц довтолгооны техникүүдийг  харж, өөрийн болгосон. Ховдод тухайн үед волейбол их хөгжсөн. Зун лагерьт албан байгууллагаараа нэгдээд волейбол байнга тоглоно. Би хүүхэд байсан болохоор гарсан бөмбөгийг нь зөөж өгнө. Гурван удаа бөмбөг авчирсан тохиолдолд нэг удаа бөмбөг давуулах эрх надад олгодогсон. Ингэж л би энэ спортод багаасаа дур сонирхолтой болж, бие сэтгэлээ зориулсан хүн дээ.


   - Та оюутан болоод волейболын спортоор хичээллэсээр л байсан уу?

   - Тэгэлгүй яахав. Дархан хотод оюутан болсон. Энэ үед миний тоглолт арай өөр болчихсон байлаа. Дарханд нэлээн сайн тоглогчид байсан. Ихэвчлэн багш нартайгаа тоглоно. Эндээс миний волейболчин болох гараа эхэлж залуучуудын шигшээ багийн тамирчин болсон юм. Тэгээд гурван жилийн дараа Дархан хотын политехникумыг баяжуулагч-техникч мэргэжлээр төгссөн. Бид  дөрвөн жил сурах байсан ч яамны бодлогоор нэг жилд нь ОХУ-ын ижил төстэй үйлдвэрт мэргэжлээр нь ажиллуулах шийдвэр гарсан юм. Тухайн үед намын хорооны товчооны гишүүд хүн нэг бүрийг авч хэлэлцдэг байлаа. Тэгээд Ц.Одсоргочоо, бид хоёрыг ОХУ уруу явуулаагүй. Хожим удирдах ажилтан бэлтгэх сургалтад ОХУ руу явуулна гээд Сургалтын төвийн багшаар томилсон. Сургалтын төвийн анхны баяжуулагчдыг  бэлтгэхэд хоёр жил гар бие оролцож явлаа. Дараа нь Эрдэнэт үйлдвэрт ээлжийн мастераар ажиллаж, миний ажил амьдралын замнал үргэлжилсэн дээ.

 
     - Эрдэнэтийн волейболын шигшээ багийн тамирчин болсон дурсамжаасаа хуваалцана уу?

 

   - Эрдэнэтэд ирээд волейболчдоо эрж сурахгүй юу. Спорт сонирхогч, МАНЗ-ын орчуулагч Нямаасүрэн гэж хүн намайг Санжмятавтай уулзахыг зөвлөсөн л дөө. Тэр хүн намайг сагс тоглохыг харсан юм билээ. 35-р баазын жолооч Эрдэнэ-Очир, Р.Санжмятав нартаа нэгдээд баг бүрдсэн. 1976 онд Эрдэнэт, Булган аймгийн хороо байсан юм. Манай баг 10 сард Булган аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Энэ үеэр Булган аймаг, Р.Санжмятав бид хоёрыг шигшээ багтаа авсан. Хойд бүсийн тэмцээнээс Булган аймгийн шигшээ баг шалгараад улсад өрсөлдсөн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа Ж.Дарьбазар багштай танилцсан. Хавар нь багш Эрдэнэтэд ирж амьдарсан. Тэгэхэд л би их баярласан санагддаг. Багштайгаа нэг багт тоглох болсонд тэр. Цагаан, Жамба, Содномрэнцэн, Санжмятав, Эрдэнэ-Очир нарын хүмүүсээр Эрдэнэтийн анхны волейболын баг бүрдэж байлаа. Энд Хялганатын Б.Зулбаатар, 10-н жилийн дунд сургуулийн сурагч Б.Сүхбаатар нар багтсан. 1979 онд Бүх ард түмний спартакиад Төв аймагт болсон юм. Эндээс манай баг шалгараад Улаанбаатарт  Хөдөлмөр нийгэмлэгтэй  хүрэл медалийн төлөө тоглоод шүүгчийн булхайгаар ялагдсан. Дараа жил нь манай баг Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотын анхны спортын баг хүрэл медаль авсан түүх ийм. 

    - Таны тоглолтын ур чадварт юу нөлөөлсөн гэж боддог вэ?

  - Эрдэнэтийн барилгын “Медимолибден строй”-д ОХУ-ын 15 ресбупликээс ирсэн 26 мянган барилгачид ажиллаж байлаа. Тэдэн дунд хотынхоо шигшээ багт тоглож явсан аваргууд ирсэн нь Эрдэнэтэд волейболын спорт хөгжихөд түлхэц болсон. Сайхан өрсөлдөөнтэй ч байж. ОХУ-ын ОУХМ Белов.М.Е, спортын мастер Лебедев.А.С, Кулик.И.Б, Янченко.С, Иваник.А.Д, Баярчук.А. нарын дүр төрх, тоглолтын арга барил нь миний сэтгэлд тод үлджээ. Эдгээр мастеруудтай тоглоход манай баг шагналт байр л эзэлдэг байлаа. Тэгэхэд улсын аварга шалгаруулах тэмцээнд манай баг гуравдугаар байр эзэлж байх жишээтэй.  Ер нь мастеруудтай тоглож явсан маань бидний ур чадварт их нөлөөлсөн. 1984 онд манай баг Улсын аваргаас хүрэл медаль хүртсэн. 1985 онд волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэтэд болсон юм. Энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Финалын тоглолтод заал хөл гишгэх зайгүй үзэгчдээр дүүрчихсэн байлаа. Жил бүр волейболын шигшээ багаас шилдэг 12 тамирчныг шалгаруулдаг уламжлалтай байсан. Миний бие оны шилдэг волейболчноор  дөрвөн удаа шалгарч явлаа. 1986 онд манай баг Дарханд болсон УАШТ-ээс хүрэл медаль авч амжилтаа бататгасан. 1988 онд Эвлэлийн төв хорооны цомын төлөөх тэмцээнээс  мөнгөн медаль хүртсэн. Манай баг ЗХУ-ын (хуучнаар) Эрхүү, Улан-Удэ, Новосибирск, Красноярск хотод Олон улсын тэмцээнд оролцож шагналт байр эзэлж байлаа. Манай үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай. Надад ажлаас чөлөө олгодоггүй байсан. Ажлаа хийж яваад л тэмцээнд орчихно. Дарханд болсон тэмцээнд хотын дарга Цэвээний цохолттой бичгээр, Д.Лхагвасүрэн захирлаас зөвшөөрөл авч оролцож явсан маань тод санагдаж байна. Ер нь би ажлын онцлогоос шалтгаалаад волейболын спортоос эрт хөндийрсөн. Манай баг ахмадын улсын аваргаас олон медаль авсан. Бидний энэ амжилтыг Эрдэнэтчүүд мэдэх байх аа. Эрдэнэт бол волейболын спорт дээд зэргээр хөгжсөн хот. Дээр нэр дурдсан Ж.Дарьбазар багштай, манай баг оросын мастеруудтай өрсөлдөж байсан нь волейболын спортыг сурталчилсан. Хүүхэд, залуучууд ч волейболын спортыг их сонирхох болсон доо. Ц.Хүүхэндүү, Г.Жадамбаа, Т.Батсүх нарын сайн багш нар ч их нөлөөлсөн. Энэ хүмүүс волейболын спортыг Эрдэнэтэд хөгжүүлж ирснийг хэлэх ёстой.

 

   - Таны бодлоор волейболын спорт ямар хүчин зүйлийг бүрдүүлдэг вэ?

  - Орчин үеийн хэллэгээр волейболын спорт багаар ажиллах боломжийг бүрдүүлдэг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчимтай. Өөрөөсөө гадна бусдыгаа гэсэн сэтгэлтэй болдог. Бие бялдрын өв тэгш хүмүүжил олж авдаг. Волейболын тамирчид өөрсдөөрөө бусдыг үлгэрлэдэг. Багийн спорт. Тухайн үед олон газраас ирсэн, янз бүрийн санаа бодолтой залуус нэг спортын төлөө нэгдэж амжилтад хүрэх амаргүй байлаа. Тэгэхдээ бид чадсан. Одоо ч манай баг хамт олон сайхан харилцаатай явдаг. 1980 онд анхны хүрэл медаль авсан багийнхаа нэг хүнийг жилд алдаршуулдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран нэг тамирчны ажил амьдрал, спортын амжилтыг олон нийтэд сурталчилдаг. Орос ах нартайгаа хамтран тоглож явсан. Орос хоёр тамирчинтайгаа дөрвөн удаа түрүүлсэн амжилтаараа Эрдэнэтийн баг,  Монголын волейболын спортын шилжин явах цомыг үүрд хадгалах эрх авч байлаа. 

   - Волейболын спортын довтлогчийн онцлог юу вэ?

   - Өргөсөн бөмбөгийн эсрэг 2-3 хүн хаалт тавихад хоромхон хугацаанд хааш нь цохихоо мэдэрдэг. Миний хувьд ОУХМ А.Кингисхан багшийн буянаар довтолгооны бүх арга техникийг эзэмшиж чадсан. Өргөлт голохгүй цохих, ширвэх гээд волейболын довтолгооны арга техник нарийн л даа. Нэгэн цагт Монголд А.Кингисхан багш,бид хоёр л араараа цохих техник эзэмшсэн байлаа. Энэ дэгс үг биш. Волейболын спортын  довтолгооны хамгийн өвөрмөц нарийн дахин давтагдахгүй техникүүдийг эзэмшсэн гэсэн үг. 


   - Таныг аль эрт спортын мастер авчих байсан гэдэг. Өөрийнхөө ур чадварт эрдэж явсан үе байна уу? 

   - Монголын волейболын нэг номерын тамирчин Дэмбэрэлсайхан хуурлаа, хуурлаа гээд байхгүй юу.  Тэгэхээр нь ингэж хуурдаг юм уу гээд цохичихсон чинь элгэн дээр нь бөмбөг ойгоод гэдрэгээ уначихаж билээ. Тухайн үеийн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Цэнд-Аюуш гуай Монголын нэг номерын волейболын тамирчныг доромжилсон гээд надад спортын мастер цол олгоогүй. Уг нь надад дэвжээн дээр нь спортын мастер цол олгохоор ярьж байсан юм билээ.(Инээв.) Энэ явдал залууст сургамжтай л юм.


   - Та бүхний залгамж залуучуудын талаар юу хэлэхсэн бол…?

   - Бидний дараа үеийн тамирчид бол Харх клубынхэн. Тэд Монгол улсын волейболын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн. Энэ бол том амжилт.


   - Баярлалаа.

 

Т.Батчулуун

Сэтгэгдэл үлдээх