Мэдээ мэдээлэл

Орос хэл, соёлын баяр боллоо

access_time 2019-11-18

   Жил бүрийн намар уламжлал болгон тэмдэглэдэг Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Орос хэл, соёлын баярын арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэртээх 1978 онд Монгол-Зөвлөлт хоёр орны найрамдалт харилцааны үр шимээр Эрдэнэтийн овоо газрыг түшиглэн өнөөгийн Эрдэнэт хотыг барьж байгуулсан нь манай хоёр орны урт удаан хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэн гэж үздэг. Тиймээс Эрдэнэтчүүд энэхүү найрамдал хамтын ажиллагааны өдрүүдэд өндөр ач холбогдол өгч, Найрамдлын сарын ажлыг Оросын соёл шинжлэх ухаанаас суралцах, хүндэтгэх өдрүүд болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгээс Орос хэл соёлын баярыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургууль дээр зохион байгуулав.

   Тус баярын нээлтийн үйл ажиллагаанд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн Ерөнхийлөгч, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Т.Ч.Будаева, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт  нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу нарын хүндэт зочид болон албаны бусад хүмүүс, оюутан сурагчид оролцлоо.  Энэ үеэр Монгол-Орос хоёр орны найрамдалт харилцааны үнэ цэнэ, цаашдын залгамж холбооны талаар хүндэт зочид хэлсэн үгэндээ онцолж, Орос хэл, соёлын баярын мэндчилгээг нийт оролцогчдод дэвшүүлэв.

    Энэ жилийн найрамдлын өдрүүдийн хүрээнд уламжлалт арга хэмжээнээс гадна  Орос хэл соёлын баяр, төвийн бүсийн аймгуудын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиадыг зохион байгуулсан нь онцлог байв. ОХУ-д тус орны Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдын тоог нэмэгдүүлэх, ахлах ангийн сурагчдад Орос орны түүх, соёл шинжлэх ухааны талаарх мэдлэг өгөх зорилготой тус олимпиад Эрдэнэтэд анх удаа болсон нь найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн үйл ажиллагааныг цар хүрээг өргөжүүлсэн байна. Мөн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн харьяа Орос 19 дүгээр сургуулийн 45 жилийн ойг тэмдэглэж, Орос хэл, соёлын баярын хүндэт зочид тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

   

   

   

   

   

М.Балжинням

ФОТО: Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх