Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right БоловсролОросод сургууль төгсөгчдийн IV чуулган амжилттай зохиогдлоо
Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 49 дэх жилийн хүрээнд зохиогдсон ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн IVчуулга уулзалт өнгөрсөн Ням гаригт Эрдэнэт хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтыг Оросын шинжлэх ухааны төв, ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл зэрэг байгууллага хамтран зохион байгуулснаараа онцлогтой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэхүү үйл ажиллагааг дэмжин, ивээн тэтгэгчээроролцсон юм. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа чуулганд оролцогчдод хандан үг хэлснээр энэ өдрийн үйл ажиллагаа эхэллээ. Тэрээр төгсөгчдөд хандан “Монгол, Оросын найрамдалт харилцааны тулгуур болсон хүмүүс гэж та, биднийг нэрлэж болох байх. Та, бид ОХУ (ЗХУ)-д суралцаж эрдэм мэдлэг, боловсрол олж авахын зэрэгцээ оросын ард түмний зан заншил, ёс суртахуун, соёлыг түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүрэг хүлээсэн Монгол улсын иргэд юм. Найрамдал, хамтын ажиллагааны гол зүтгэх хүч нь хойд хөршид сургууль төгсөгчид, тэр дундаа Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч буй та бүхэн онцгой үүрэгтэй байсан гэж би бодож байна. Эрдэнэт хот бол найрамдлын хот, Эрдэнэт үйлдвэр бол найрамдлын үр шим. Энд орос, монгол хүмүүс мөр зэрэгцэн ажиллаж, хот сүндэрлүүлэн, эдийн засгийн томоохон тулгуур болох Эрдэнэт үйлдвэрийг ажиллуулж байна. Та бүхний сурсан мэргэжил Эрдэнэт үйлдвэрийг өдий зэрэгт хүргэж, Монгол Улсын эдийн засгийг өсөж тэлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр биднийг холбогч гол хүчин зүйл нь Оросын холбооны улс яах аргагүй мөн. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийллээ.
ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн хийж бүтээж байгааг олон түмэнд сурталчилах, сурсан мэргэжлийг нь улс орны, аймаг, бүс нутгийн хэмжээнд хэрхэн ашиглах талаар судлах, төгссөн сургуульд нь мэргэжил дээшлүүлэхэд “гүүр” болох чиглэлээр холбооны үйл ажиллагаа чиглэжээ. Орхон аймгийн хэмжээнд ОХУ-д сургууль төгсөгч 900 орчим хүн байгаагийн 90 орчим хувь нь Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчин юм. Мөн Эрдэнэт хотын хэмжээнд Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, гавьяат 64 хүн төрөн гарсны 30 гаруй хувь нь ОХУ-д сургууль төгсөгч, Эрдмийн зэрэг цолтой 62 хүний 30 гаруй хувь нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс хамтран явуулдаг “Найрамдлын сарын ажил” эдүгээ “Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” болон өргөжснийг илтгэл тавьсан эрхмүүд онцоллоо. Монгол Улсад “найрамдлын” тодотголтой олон нийгэмлэг үйл ажиллагаа явуулдаг ч Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг хамгийн бат суурьтай нь болохыг тэд хэлж байна. ОХУ-тай хамтын ажиллагааны хүрээнд суралцах оюутны тоог нэмэгдүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр жилд 500 хүүхдэд суралцах боломж нээгдсэнийг энэ үеэр танилцууллаа.
Мөн ахмад төгсөгч Л.Долгорсүрэн, Д.Дуламсүрэн, З.Сандуйжав, С.Гаажав, А.Алтанцаг, Ц.Туяа, Ю.Тэрбиш, Б.Мянганбаяр нарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дурсгалын зүйлсийг гардуулан, ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн Монголын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэг бүхий талархалын бичиг, дурсгалын зүйлсээр 20 хүнийг шагнаж урамшуулсан юм. Илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон төгсөгчид чуулга уулзалтаас уриалга гарган, баталлаа. Ингэхдээ мэргэжлийн чиглэлээр цуглуулсан ном, товхимлоо солилцож унших, хэрэгтэй нэгэнд нь гарын авлага болгох, ОХУ-ын Төв номын сангаас мэдээлэл авах эрх олгох боломжтой эсэх, Орхон аймгийн хэмжээнд идэвхитэй ажилладаг ОХУ-ын сургуулиудын холбоод хоорондын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажлууд хийх хэрэгтэйг сануулсан. Төгсөгчид оюутан ахуй цагаа дурссан хөгжилтэй яриа өрнүүлж, караоке дууны тэмцээн зохион байгуулснаар энэ үдшийн үйл ажиллагаа өндөрлөлөө. Орос хэлний баяр, орос дуу, шүлгийн уралдаан, бүсийн олимпиад гээд цогц үйл ажиллагааг зохион байгуулж, сургууль төгсөгчдийн уулзалтыг сэргээсэн нь чуулганд оролцогчдын хувьд хүлээлттэй байсныг тодхон илтгэж байв. Чуулганы үеэр зарим төлөөллийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Ж.РЭНЦЭН-АМГАЛАН: Бидний сурсан орос хэл, анагаах ухааны боловсрол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахад ихээхэн түшиц болсон
Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” холбооны зөвлөх, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Эрхүүгийн Анагаах ухаан их сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн Ж.Рэнцэн-Амгалантай ярилцлаа.
-Чуулга уулзалтын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийг төгссөн 20-иод хүн Эрдэнэт хотдоо ажиллаж, амьдарч байна. Монгол, Оросын найрамдлын тод илэрхийлэл болсон энэ хотдоо чуулга уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийлье. Сургуулийнхаа талаар товч мэдээлэл хүргэе гэж бодож байна. Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль 1919 онд байгуулагдаж, өнгөрсөн 10 дугаар сард 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Ойг тохиолдуулан бид Улаанбаатар хотноо төгсөгчдийн анхдугаар чуулган, үзэсгэлэнг зохион байгуулж, сургуулийнхаа ойд 100 төлөөлөгч оролцоод ирсэн. Монгол Улсын 400 гаруй иргэн энэ сургуулийг төгссөнөөс 350 гаруй нь их эмч, эмзүйчийн диплом гардсан байдаг. Бидний сурсан орос хэл, анагаах ухааны боловсрол улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад ихээхэн түшиц болсныг энд хэлэх нь зөв байх. Бид цаашдаа анагаахын сургууль төгсөгчдийн бүлэг үүсгэж, холбоодтойгоо хамтран ажиллах хүсэлтэй байна.
Д.ДУЛАМСҮРЭН: Бид Монгол Улсын хүнс, хөнгөн аж үйлдвэрийн салбарын тэргүүн эгнээнд явсан
Дархан хотын Политехникумд Хөнгөн хүнсний салбарын эрхлэгчээр ажиллахдаа 600 гаруй хүүхдийг төгсгөж, аймгуудын хүнсний комбинатыг мэргэжлийн боловсон хүчнээр хангасан, Эрдэнэт хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 30 гаруй жил ажилласан Д.Дуламсүрэн гуайтай ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Монголд Москвагийн Хүнсний технологийн дээд сургууль төгссөн 210 хүн бий. Өнөөдөр хүнсий аюулгүй байдлын тухай ярихад, Москвагийн Хүнсний технологийн дээд сургууль болон бусад хүнсний технологийн сургууль төгссөн төгсөгчид 1970-1980 онд Монгол Улсын хүнс, хөнгөн аж үйлдвэрийн салбарын тэргүүн эгнээнд явсныг онцлон тэмдэглье. Бид хүнсийг аюулгүй байлгахын төлөө, түүхий эдийн чанарын тухайд анхаарч ажилладаг байлаа. Дархан, Дорнод, Эрдэнэт хотын хүнсний комбинатыг ашиглалтад оруулахад нойр хоолгүй 24 цагаар ажиллахдаа хүнсний сайн чанартай бүтээгдэхүүнээр ханган ажилласан. Өнөөдөр 21 аймгийн хэмжээнд маш олон хүнсний инженер бий. Москвагийн хүнсний сургууль төгсөгчдийн ассоциациас жил бүрийн 5 дугаар сарын 3 дугаар долоо хоногт нэгдсэн уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Ирэх жил 8 дахь уулзалтаа Хөвсгөл аймгийн Тариалан суманд зохиохоор төлөвлөсөн. Мөн миний бие аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа Эрдэнэт хотоо соёлч хот болгох, соёлын довтолгоо өрнүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ ажилд ЗХУ-аас Эрдэнэт хотод суугаа Консулын газрын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ихээхэн үүрэгтэй хамтран оролцсонд өнөө хэр талархаж явдаг юм. Өнөөдрийн чуулга уулзалт ач холбогдол өндөртэй, сайхан үйл ажиллагаа боллоо, та бүхэндээ баярлалаа.
Д.БАЙГАЛ: Хүний нөөц, арга барилдаа түүхэн уламжлалыг эргүүлэх нь зөв юм гэсэн санал дэвшүүллээ
Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал асан, Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа.
-Та төгсөгчдөд зориулан орос хэл дээр илтгэл тавьлаа. Оросын боловсролын тухайд та юу хэлэх вэ?
-Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан, төслийн хүчин чадалд хүргэсэн, өнөөдрийн түвшинд авчирсан бүхий л үйл ажиллагаа Зөвлөлт, Монголын найрамдлын үр шим, илрэл гэж ойлгодог. Ер нь Эрдэнэт хот тэр чигээрээ хоёр орны найрамдлын билэг тэмдэг болж явдаг. Миний өнөөдрийн ярьсан зүйлд, үндэсний мэргэжилтнүүдийг бид ямар аргаар бэлтгэв, үр дүн нь хэдий хүртэл явж байгаа, өнөөдөр ямар үр дүнд хүрэв гэдэг дээр мэдээлэл хийсэн. Улмаар хүний нөөц, арга барилдаа түүхэн уламжлалыг эргүүлэх нь зөв юм гэсэн санал дэвшүүллээ. Орос хэл, уламжлал, техник технологийн үндсэн ололтыг тээгчид гэдэг утгаараа ОХУ-д суралцаж төгссөн мэргэжилтнүүдэд гүйцэд өгч чадаагүй өгөгдлүүдийг нь өгөх ёстой. Үүний тулд төгсөгчдийн холбоо ч сайн ажиллаж, идэвхитэй байх ёстой гэж бодож байна. Чуулган дээр ахмадын ярьсан яриа, номын баялгаа солилцох санал нь холбоог нийгэмд илүү үр нөлөөтэй байхыг шаардаж байх шиг байна.
-Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл үлдээх