Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрМонгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг Эрдэнэтчүүд ёслол төгөлдөр тэмдэглэлээ
Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, Оросын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийнхэнд сурталчилан таниулахад чиглэдэг Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг Эрдэнэтчүүд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр зохион байгуулсан хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Т.Ч.Будаева, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбарын тэргүүн Б.Мажинбуу нар хүрэлцэн ирснээс гадна үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо. Энэ үеэр хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд зохиогддог олон талын үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог Орос 4, Монгол 8 хүнд “Найрамдлын одон”, “Халх голын ялалтын 70 жилийн ойн медаль” гардуулан, шагнаж урамшуулсан юм.
Ах, дүүгийн найрамдалт харилцааны билэгдэлт Эрдэнэт хотноо Орос 19-р сургуулийн 45 жилийн ой, Орос хэл соёлын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, орос дуу, шүлгийн уралдаан зохион байгуулан, ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн IV чуулга уулзалтыг хийсэн нь сарын ажлын цар хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүллээ. Олимпиадад оролцсон шилдэг сурагчдад ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулсан нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг болсон юм. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбараас нийт оролцогчдод талархал илэрхийлэн, урлагийн тоглолтоор бэлэг барьснаар сарын аян амжилттай өндөрлөлөө.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл үлдээх