Мэдээ мэдээлэл

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН “МӨРДӨГЧИЙН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР” СЭДЭВТ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

     Авлигатай тэмцэх газраас авлига гарч буй шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, таслан зогсоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол үе шаттай зохион байгуулдаг. Энэ удаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ын дарга, удирдлагуудтай 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, 2020, 2021 онуудад хүргүүлсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн МЭДЭГДЭЛ-ийн мөрөөр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үр дүнгийн талаар ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

     Тус хэлэлцүүлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Б.Бямбадагва, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд, Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар, Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтсийн дарга Т.Ариунсан, Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Б.Батболд, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын мэргэжилтэн Ө.Энхбаатар нар оролцож, уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээлэл хийв.

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь авлигын гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр ажилтан, албан тушаалтнуудыг ёс зүйн болон авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулж, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнуудын албан хэрэгцээнд ашигладаг гар утсанд авлигын эсрэг агуулга бүхий HITone үйлчилгээг нэвтрүүлж, үнэлгээний хорооны дүгнэлтэд өдөр тутам мониторинг хийж, гарсан зөрчлийг арилгах, санхүүгийн хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

     Авлигатай тэмцэх газраас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнтэй танилцаж, цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах талаар зөвлөмж өгөв.
 

Сэтгэгдэл үлдээх