Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагаа“МОНГОЛ УЛСЫН ИНСТИТУЦИЙН ШУДАРГА, ИЛ ТОД БАЙДАЛ” АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
АНУ-ын Төрийн Департаментийн Олон улсын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх замаар авлигыг бууруулах зорилготой “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн гуравдугаар уулзалт 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.
Ажлын хэсэг нь эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын хамтын ажиллагаа болон хөрөнгө буцаан авах ажиллагааны чиг үүрэг, хариуцлагыг оновчтой тодорхойлох, институц хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд гэмт хэргийн замаар хууль бусаар олсон хөрөнгийг хураах, битүүмжлэх талаарх бусад улс орны хууль тогтоомжийг харьцуулан судлах, дотоодын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Тус үйл ажиллагаанд Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), Авлигатай тэмцэх газар (АТГ), Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) болон бусад холбогдох байгууллагууд оролцож байна.
Тус уулзалтаар ОУХЭЗБ-ын Суурин хөтөлбөрийн менежер Ц.Баттуяа төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын явцын тухай танилцуулж, төслийн хуулийн зөвлөх Л.Мөнхцэцэг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх бие даасан хуулийн төслийн тандан судалгаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн тандан судалгааг танилцуулан Төслийн олон улсын зөвлөх Питер Страссер эрүүгийн хэрэг дээрх эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний тухай олон улсын туршлагаас хуваалцаж, мөн АТГ, УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас олон улсын хамтын ажиллагааны талаар тус тус танилцуулга хийлээ.
Олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангаж, практикт амжилттай хэрэглэхэд улс орнууд өргөн хүрээний эрх зүйн харилцан туслалцааг шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлсэн эрх зүйн тогтолцоотой байх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай бие даасан хуультай болсноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгах боломжгүй асуудлууд тухайлбал энэхүү гэрээг байгууулах, хэрэгжүүлэх байгууллагуудын чиг үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой болгох, эрх зүйн туслалцаа үзүүлэх ажиллагаатай холбоотой баримт бичиг боловсруулах, орчуулах ажлын чанар сайжрах, зохих сан бүрдүүлэх, үүүдэн гарах харилцааг зохицуулах, олон улсын хамтын ажиллагаанд шинэ боломж эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
ОУХЭЗБ нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн төлөө чиглэн ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд дэлхийн өөр өөр эрх зүйн тогтолцоо бүхий 90 гаруй оронд ажилласан туршлагатай. ОУХЭЗБ нь 1988 онд байгуулагдсан ба 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиглагчийн статустай болсон. Одоогоор ОУХЭЗБ нь олон оронд ялгаварлан гадуурхах шинжтэй хууль, тогтоомжтой тэмцэх, жендэрт суурилсан эрх зүйн орчин, институцийг хөгжүүлэх, тогтвортой хөгжил болон эдийн засгийн боломжуудаар дамжуулан эмэгтэйчүүдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлж, тэднийг эрх мэдэлжүүлэх чиглэлээр ажилладаг. ОУХЭЗБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу: https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia
Тус арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх хаягаар холбогдоно уу.
Имэйл: asumber@idlo.int
Утас: 11-320904, 99818775.
Сэтгэгдэл үлдээх