Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааАмьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэрийг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай
Авлигатай тэмцэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран “Амьжиргаа дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа, уялдаа холбоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.
Иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх шийдвэрийг гаргах явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэх, энэ үйл ажиллагаанд оролцогч төрийн анхан шатны нэгж болон “Амьжиргаа дэмжих зөвлөл”-ийн хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор дээрх сэдвээр холбогдох талуудыг оролцуулан хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт нийгмийн халамжийн шинэчлэлийн бодлого, Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааны танилцуулга, Зөвлөлийн дүрмийг хянах явцад гарсан санал шүүмжлэл, цаашид анхаарах асуудлуудаар Авлигатай тэмцэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тушаалтнууд илтгэл тавьж, асуулт хариулт өрнүүлэв.
“Амьжиргаа дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа, уялдаа холбоо” хэлэлцүүлгээс Цахим хөгжлийн яам, “И-Монгол академи” УТҮГ зэрэг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран Амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэрийг цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг авах, Амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлаарх шаардлагатай мэдээллийг цахим хэлбэрээр харах нөхцөлийг бүрдүүлэх, төрөөс нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж байгаа шат дамжлагыг цөөлөх зэрэг чиглэлээр зөвлөмж гаргасан бөгөөд эдгээр санал, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр болов.
Сэтгэгдэл үлдээх