Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааЕАБХАБ-ын судалгааны багийн зөвлөхүүдтэй уулзав
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбогдуулан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны судалгааны баг 2024 оны 3 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 12-ны өдөр АИХЭА-ны Судалгааны багийн санал хураах шинэ технологийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг Авлигатай тэмцэх газрын төлөөлөл хүлээн авч уулзав.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нар оролцов.
Уулзалтаар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай товч танилцсаны дараа Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг мэдүүлэх үйл ажиллагаан дахь Авлигатай тэмцэх газрын оролцоо, мэдүүлгийн олон нийтэд нээлттэй байдал, улс төрийн намын санхүүжилт, түүний ил тод байдал, албан тушаалтнаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хэтрүүлэх, түүний дотор улс төрд нөлөө бүхий этгээдээс үйлдсэн гэмт хэргийн статистик, сонгогчдын санал худалдан авах хууль бус ажиллагаа, түүнийг шалган шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон этгээд нэр дэвшихийг хориглох хуулийн хориглолт, мөн авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба нь гишүүн оронд болж буй улс төрийн сонгуульд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан сургалт семинарыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдалтай тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн орны хувьд хүлээсэн үүргийнхээ дагуу тус байгууллагын АИХЭА-ны төлөөлөгчдийг 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийг ажиглахыг анх урьж, улмаар сонгууль ажиглах баг манай улсын 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016, 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийг ажиглаж, холбогдох тайлан зөвлөмж өгч байсан юм.
Сэтгэгдэл үлдээх