Мэдээ мэдээлэл

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд мэдээллийн ил тод байдлыг хангав

Авлигатай тэмцэх газраас авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянан үзэж зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулж эрх бүхий байгууллагад хүргүүлэх чиг үүргийн хүрээнд Засгийн газрын 2021 оны “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх, үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох” тогтоолыг хянав.

Дээрх тогтоолын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд тогтоолоор баталсан тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд үйлчилгээ үзүүлэхдээ дагаж мөрдөхөөр зохицуулсан байх бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг ил тод байршуулаагүй, мэдээллийг  тодорхой хүргээгүйн улмаас иргэдэд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж, хүнд суртал чирэгдэл учруулах эрсдэлийг бий болгосон байв. Авлигатай тэмцэх газраас мэдээллийн ил тод байдлыг хангаж хүнд суртал, чирэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд шаардлагатай мэдээллийг нэгдсэн нэг агуулгаар, ойлгомжтой байдлаар ил тод байршуулж хүргэх, олон нийтэд хүргэх, визийн болон үйлчилгээний хураамжийг хэрхэн хураах талаар чиглэл өгч, хяналт тавих талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх шаардлагыг Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.

Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээг авч, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх, үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тухайн орны валютад шилжүүлэн, холбогдох мэдээллийн хамт байгууллагын цахим хуудсанд байршуулж иргэд, олон нийтэд мэдээллийг нэг агуулга, хэлбэрээр нээлттэй, ил тод, ойлгомжтой хүргэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн байна.

Төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээ болон иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдох мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх нь хүнд суртал, чирэгдлийг бууруулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ юм.

Сэтгэгдэл үлдээх