Мэдээ мэдээлэл

“ХАБ ба үйлдвэрлэлийн гоо зүй” аяныг Баяжуулах үйлдвэрийн хамт олон манлайллаа

access_time 2019-08-08

   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс зохион байгуулсан “ХАБ ба үйлдвэрлэлийн гоо зүй” сэдэвт аян гурван сарын турш үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Оролцогч 21 цех, нэгжийн ажлыг зургаан үзүүлэлтээр дүгнэхэд Баяжуулах үйлдвэр манлайлж, Засвар механикийн завод, Үйлчилгээ, аж ахуйн цех тус тус удаалж, тусгай байрт Засвар угсралтын цех, Тээвэр ложистикийн төв шалгарсан байна.
   Аяны хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хамт олон ажлын байран дахь аюул ослыг бууруулахад онцгой анхаарч, нөлөөт толь суурилуулан, бутлан тээвэрлэх хэсэгт зүг чиг заагч тэмдэг байрлуулах зэрэг хэд хэдэн ажил хэрэгжүүлснээр тэргүүн байр эзэлжээ. Харин Засвар механикийн завод ажлын байр болон автобусны зогсоолоо шинэчлэн сайжруулж, бага эмчийн өрөөг орчин үеийн эмнэлгийн стандартад нийцүүлэн тохижуулжээ. Гоо зүйн аяны хүрээнд нурууны массажны аппараттай болсон нь ихээхэн үр дүнтэй ажил болсныг заводынхон онцолж байна. ХАБЭА-н хэлтсээс улирал тутам аян хэрэгжүүлэхээр төлөвлөн, хоёр дахь аяны хаалтаа хийж байгаа нь энэ юм.

   Мөн өнөөдөр ХАБЭА-н хэлтэс сарын зөвлөгөөнөө зохион байгуулж, цех, нэгжүүдийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлууд болон тулгамдсан асуудлууд дээр санал солилцлоо. Сар бүрийн эхний долоо хоногт болдог тус зөвлөгөөний үр дүнг шийдвэрлэх түвшинд танилцуулан, уламжилдаг. ХАБЭА-н хэлтсийнхэн наймдугаар сарыг “Зохион байгуулсан ажлуудаа дүгнэх сар” хэмээн тодотголоо. 

 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх