Мэдээ мэдээлэл

Халуун хоол, хувцас хэрэгсэлтэй холбоотой санал шүүмжлэлд үйлдвэрийн удирдлагууд анхаарлаа хандуулж байна

access_time 2019-08-12

   Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан Даваа гарагт бүр болдог. Өнөөдөр болсон ээлжит шуурхайн эхэнд ХАБЭА-н асуудлаар өнгөрсөн 7 хоногт ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан тухай мэдээллийг тус хэлтсээс өглөө.
   Наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт үндсэн үзүүлэлтүүд биелсэн тухай мэдээллийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн. Бүтцийн нэгжүүдийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт хийсэн ажлын тайлан мэдээллээ дуулгаж, шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
   Цаг үеийн мэдээллээр шуурхай зөвлөгөөн үргэлжилж, Хаягдлын аж ахуйд 11200-UX шүршигч техник ирсэн тухай мэдээлэв. Цагаан тоос дарах зориулалтай  тус техникийг Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс хүлээн авч, ажиллуулах юм. Түүнчлэн Ил уурхайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд шүүрлийн ус буюу ногоон ус шахаж, 12 мянган метр ус гаргажээ.
   Шуурхай зөвлөгөөний үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажилчид, уурхайчдаас ирүүлж буй халуун хоол, хөдөлмөрийн хамгааллын хувцас хэрэгсэлтэй холбоотой асуудалд анхаарлаа онцгой хандуулах болно гэлээ.  Өнгөрсөн хугацаанд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр гаргаж буй мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Энэ ажлыг хариуцаж мөн ахалж ажиллаж буй Нийгмийн харилцааны хэлтсээс халуун хоолоор үйлчилдэг компаниудын үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлд хийсэн шалгалтын дүн танилцууллаа.
   Ерөнхий захирлын зүгээс тухайн компаниудтай тендер шалгаруулалтын үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн гэрээ хэлцэл, баримт бичигт онцгойлон анхаарч тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан дахин шалгаж үзэхийг Дотоод хяналтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт тус тус үүрэг болголоо. Шаардлагатай бол гомдол санал гаргаж буй дээрхи асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгээ хэлсэн. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа халуун хоол, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлтэй холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллах учиртайг чиглэл хариуцсан удирдлагуудад үүрэг болголоо. Эдгээр нь ажилчдын эрүүл мэнд, амь нас цаашлаад Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндтэй холбоотой гэдгийг сануулснаар энэ удаагийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх