Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн үзлэгт 488 иргэн хамрагдана

access_time 2019-09-05

   Цагаан тоосны бүсчлэлд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн үзлэг энэ сарын 9-нөөс эхлэн нэг сарын турш үргэлжлэх гэж байна. Үзлэгт хамрагдах зорилтот 325, бусад багийн 163 иргэнийг өнөөдөр сонголоо.

  Эрүүл мэндийн үзлэгийн ажлын хэсэгт Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, аймгийн Эрүүл мэндийн газар, “Цагаан тоосноос ирээдүйгээ аврах хөдөлгөөн” ТББ, Баян-Өндөр, Жаргалант сумын 15 багийн нийгмийн ажилтан оролцож, санал бодлоо солилцлоо.

  Эрдэнэт үйлдвэр 2007 оноос хойш иргэдийн эрүүл мэндийн үзлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Энэ жилийн тухайд Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын 10 гаруй мянган иргэдээс 300 хүнийг төлөөллөөр сонгосон ч дээр нь нэмж 180 гаруй, нийтдээ 488 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулахаар үйлдвэрийн газраас шийдвэрлэжээ. Үзлэг шинжилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “Медипас” төвтэй хамтран хийх бөгөөд аймгийн хэмжээнд зүрх судас, уушгины чиглэлээр мэргэшсэн 7 эмчээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллах юм.

   Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хяналт мониторинг, сургалт хариуцсан инженер Н.Наранчимэг бусад багаас сонгосон иргэдийн талаар тайлбарлахдаа, “Цагаан тоосны бүсчлэлд 15-аас дээш жил амьдарсан иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар сонгосон. Мөн эдгээр иргэдтэй нас, ажил мэргэжил, амьдралын түвшин ойролцоо бусад багийн иргэдийг сонгон авч, харьцуулсан үзлэг хийхээр төлөвлөлөө. Ингэснээр эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийхэд илүү дөхөм болно” гэв.

  Үзлэг шинжилгээнд хамруулахаар сонгосон иргэдийг багуудын нийгмийн ажилтнууд хариуцах бөгөөд тухайн хүн эрүүл мэндийн үзлэгээс татгалзвал дараагийн хүнд боломж олгохоор тохиролцжээ. Үзлэгт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлснээр хүний биед учруулах цагаан тоосны нөлөөлөл, үнэн бодит эсэх, мөн үр дүн илүү бодитой гарна гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл үлдээх