Мэдээ мэдээлэл

“Найрамдлын эрдэнэс”-д амарч байгаа Орос хүүхдүүд талархлаа илэрхийллээ

access_time 2019-08-21

   “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа “Найрамдлын эрдэнэс” зусланд амарч буй Орос хүүхдүүд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон тусламж дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс, ах эгч нартаа баярласнаа илэрхийллээ.Тэд зусланд амрах хугацаандаа монгол дуу бүжиг сурч, түүнийгээ нэгтгэн “Монголчууддаа баярлалаа” талархлын концерт тоглож үзүүлэв. Орос хүүхдүүд Монгол, Буриад үндэсний хувцастай  ёохор бүжиг хатирч,  “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” хэмээн бүгдээрээ дуулж бүжиглэсэн нь тэнд очсон хэн бүхний сэтгэлийг баясгасан. Мөн тэд зуслангийн дурсамжтай, зугаатай өдрүүдийн сэтгэгдлээ хуваалцаж, амт чанартай хоол, ая тухтай байр орчин, халуун дотно сэтгэлээр үйлчилсэн зуслангийн ажилтан ах эгч, багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. “Найрамдлын эрдэнэс”-т өнгөрүүлсэн энэ өдрүүд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж болон үлдэнэ гэсэн юм.

   Орос хүүхдүүдийн талархлын концертыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа нар албаны хүмүүсийн хамт үзэж сонирхон, баяр хүргэлээ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хүүхдүүдэд хандан хэлсэн мэндчилгээндээ, “Оросын ард түмэн, удирдагчид Монголчууд бидэнд үргэлж үнэн сэтгэлээр тусалж ирсэн. Өөр цаг үед өөр өөрөөр тусалж дэмжиж явсныг бид мэднэ. Хорьдугаар зууны агуу бүтээн байгуулалт Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот бол манай хоёр орны ард түмний найрамдлын үр шимээр маш богино хугацаанд чанартай, амжилттай боссон юм. Би хамтарсан үйлдвэр байхаас эхлээд энэ салбарт 38 жил ажиллаж байна. Одоо манай үйлдвэр улсын харьяалалтай болсон. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсон ч 300 гаруй Орос мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Энэ бол бидний найрамдлын илэрхийлэл, ах дүүгийн сайн харилцааны үргэлжлэл юм” хэмээн хоёр орны түүхэн уламжлалт харилцааны үнэ цэнийг тодотгон  онцлов.

   Мөн талархлын тоглолтын  хүндэт үзэгчид нь  Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд байлаа. Тус зөвлөлийнхөн талархлын концертын дараа байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн аян өрнүүлснээ танилцуулж, Эрдэнэт хотынхоо бүсгүйчүүдийн илгээсэн сэтгэлийн бэлгийг Орос хүүхдүүдэд гардуулж өгсөн юм. Энэ үеэр Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа, “Эмэгтэйчүүдийн байгууллага Орос, Монгол хоёр орны найрамдалт харилцааны гүүр болсон үргэлжлэлийг түүчээлэх ёстой гэсэн үүднээс өөрсдийн боломж бололцоогоор хандив тусламж үзүүлж, дулаан хувцас зэргийг бэлэглэлээ. Энэ үйл ажиллагаа бол хоёр орны уламжлалт урт удаан хугацааны найрамдалт харилцаанд төрийн бус байгууллагуудын оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байна. Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд ядарч зүдэрсэн хүнд тусалж, дэмжих ёстой. Энэ хүмүүнлэгийн ажлаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бүсгүйчүүл маань манлайлан оролцож байна гэдгийг харуулахыг зорьсон. Бидний энэ сайн үйлсийн санаачилгад маань нэгдсэн олон байгууллага, хувь хүмүүст баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлье” хэмээн ярилаа.   

   ОХУ-ын Эрхүү мужид байгалийн гамшигт үзэгдэл болж, зарим хот тосгон үерт автсаны улмаас орон гэргүй болсон иргэд, хүүхдүүдэд  Монгол Улсын Засгийн газар, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг олон байгууллагууд  тусламж дэмжлэг үзүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд  Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 42 хүүхдийг  зургаан багшийн хамт өөрийн харьяа “Найрамдлын эрдэнэс” зусландаа амрааж, сэтгэлийн дэм өгч буй. Хүүхдүүд энэ сарын 26-ны өдрийг хүртэл зусланд амарч, монгол ахуй соёлтой танилцан, малчин айлаар зочилж, морь унах, түүнчлэн  Эрдэнэт үйлдвэртэй танилцах аяллын хөтөлбөрт оролцох юм.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх